ТАНИЛЦУУЛГА

Төв аймгийн Нийтийн номын сан нь анх 1944 онд олон түмэнд ном хэвлэлээр үйлчлэх үйл ажиллагаагаа эхэлж 1989 оны 8-р сарын 1-нд нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах, 100.000 ном байрлуулах хүчин чадалтай зориулалтын байранд шилжин орж үйл ажиллагаагаа явуулж байна. Сан хөмрөгтөө 34435 ширхэг ном, хэвлэл мэдээллийн материалтай. Уншигч хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан уламжлалт болон орчин үеийн үйлчилгээг хослуулан 10 төрлийн үйлчилгээг хүргэж байна. Жилд дунджаар 4000 орчим байнгын уншигч 15000 орчим ирэгсэдэд 42000 гаруй ном хэвлэл мэдээллийн материал олгож уншуулдаг. 2005 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага болсон ба 2 жил тутамд баталгаажуулан уншигч хэрэглэгчдэдээ хэрэгцээтэй байгаа мэдээллийг хүргэхийн төлөө ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 26 сум 30-н сургууль 4 МСҮТөвийн номын сангуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх талаар анхааран ажилладаг.

Үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтийг үндэслэн жилд дундажаар 3.000.000-5.000.000 төгрөгний номыг худалдан авч сан хөмрөгөө баяжуулж уншигч үйлчлүүлэгчдэдээ хүргэж байна.

2016 онд Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойгоор Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Төв аймгийн нийтийн номын сан нь Д.Нацагдоржийн нэрэмжит Аймгийн нийтийн номын сан болсон.

2020 онд Төв аймаг- БНСУлсын Пёнгтаек хотын харилцаа, хамтын  ажиллагааны хүрээнд аймгийн Нийтийн номын санг Солонгос улсын Пёнгтаек хотоос 920 сая, Орон нутгийн төсвөөс 276 сая нийт 1 тэрбум 196 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар номын санд засвар шинэчлэл хийгдэн уншигчид мэдээллээ чөлөөтэй олж авах чөлөөт сонголтыг бий болгож тав тухтай орчин бүрдүүлсэн.