ХУУЛЬ ЭРХЗҮЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөрУлаанбаатар хот

АРХИВЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг, түүний бүрэлдэхүүн, төрийн архивын үйл ажиллагааны зарчим, удирдлага, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Архивын тухай хууль тогтоомж

2.1.Архивын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Архивын баримт, түүний ангилал

3.1.Архивын байнгын хадгалалтад байгаа буюу улс төр, шинжлэх ухаан, танин мэдэхүйн зорилгод ашиглах үүднээс зайлшгүй хадгалах шаардлагатай бүх төрлийн баримтыг архивын баримт гэнэ.

3.2.Архивын баримтыг хосгүй үнэт, үнэт, ердийн гэж ангилна.

3.3.Архивын баримтын хосгүй үнэт, үнэт гэж тогтоох шалгуур үзүүлэлтийг Үндэсний архивын газар тогтооно.

4 дүгээр зүйл.Архивын хөмрөг

4.1.Өөр хоорондоо гарал үүсэл, учир зүйн холбоотой, энэ шинжээрээ нэгэн цогц болж хадгалагдаж байгаа архивын баримтуудыг архивын хөмрөг гэнэ.

5 дугаар зүйл.Архив

5.1.Архивын баримтыг энэ хуульд заасан журмын дагуу хүлээн авах, хадгалж хамгаалах, зориулалтын дагуу ашиглуулах үүрэг бүхий байгууллага, нэгжийг архив гэнэ.

6 дугаар зүйл.Үндэсний архивын сан хөмрөг, түүний бүрэлдэхүүн

6.1.Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан, эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрдэнэ. Тухайн баримтад сонголт хийх үндсэн дээр үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнд хамааруулах эсэхийг төрийн архив судалж, шийдвэрлэнэ.

6.2.Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь үүссэн эх сурвалж, салбарын хамаарал, мэдээлэл тээгчийн төрөл, хадгалж байгаа байршил, өмчийн хэлбэрээс үл шалтгаалан төрийн хамгаалалтад байна.

6.3.Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь төрийн ба төрийн бус гэсэн 2 хэсэгт хуваагдана.

6.4.Төрийн архивын сан хөмрөг нь дараахь баримтаас бүрдэнэ:

6.4.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, Улсын Их Хурал, түүнд ажлаа тайлагнадаг байгууллага, Засгийн газар, яам, агентлаг, нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллагын архивын баримт;

6.4.2.Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын байгууллагын архивын баримт;

6.4.3.төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон хуулийн этгээд, улсын төсөвт байгууллагын архивын баримт;

6.4.4.Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслийн бүлгийн архивын баримт;

6.4.5.төрийн архивт шилжүүлсэн нам, төрийн бус болон шашны байгууллагын архивын баримт;

6.4.6.төрийн архивт шилжүүлсэн хувийн гаралтай баримт;

6.4.7.төр өөрийн төсөв, хөрөнгөөр бүтээж бий болгосон, худалдан авсан болон гадаад, дотоодын байгууллага, иргэдээс шилжүүлсэн, бэлэглэсэн хадгалагдаж байгаа архивын баримт;

6.4.8.эх баримтад тооцогдох төрийн архивын баримтын хуулбар.

6.5.Төрийн бус архивын сан хөмрөг нь дараахь баримтаас бүрдэнэ:

6.5.1.төрийн бус байгууллагын архивын баримт;

6.5.2.улс төрийн нам, шашны байгууллагын архивын баримт;

6.5.3.хувийн өмчийн аж ахуйн нэгжийн архивын баримт;

6.5.4.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын баримт;

6.5.5.хувь хүний баримт.