САЙДЫН ТУШААЛ, ТОГТООЛ

Монгол улсын үндэсний номын сангийн дүрэм

МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2005 оны 02сарын 08 өдөр              Дугаар 31                          Улаанбаатар хот

Дүрэм, бүтэц батлах тухай

“Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 196 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. “Монгол улсын Үндэсний номын сангийн дүрэм”-ийг нэгдүгээр “Монгол Улсын Үндэсний номын сангийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц”-ийг хоёрдугаар, “Хүүхдийн номын ордны дүрэм”-ыг гуравдугаар, “Хүүхдийн номын ордны удирдлага, зохион байгуулалтын бүтэц”-ийг дөрөвдүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Номын сангийн дүрэм,  бүтцийг мөрдөж ажиллахыг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, Г.Аким, Хүүхдийн номын ордны захирал Д.Оюунбилэг нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Улсын төв номын сангийн дүрэм батлах тухай ” Монгол улсын Соёлын сайдын 1994 оны 5 дугаар сарын 18ны өдрийн 91 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.САЙД                         П.ЦАГААН

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2005 оны 2 дугаар сарын 08 өдрийн 31 дугаар

 тушаалын нэгдүгээр хавсралт

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Үндэсний номын сангийн зорилго нь гар бичмэл, барын ном, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл, Монгол Улсад хэвлэгдсэн ном, сонин, сэтгүүл болон хэвлэлийн бусад бүтээгдэхүүн, чухал хэрэгцээтэй гадаад ном зохиол, тогтмол хэвлэлийг бүрдүүлэн хадгалах, бүртгэл мэдээллийн сан бий болгох, уншигчдад шуурхай үйлчлэх, бусад номын сангуудын мэргэжил арга- зүйн удирдлага, мэдээллээр хангахад оршино.

1.2 Үндэсний номын сан /цаашид “номын сан”гэх/ нь улсын төсвөөс санхүүждэг, төрийн өмчийн төсөвт байгууллага бөгөөд тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.3 Номын сан нь үйл ажиллагаандаа Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг удирдлага болгоно.

1.4 Албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Чингэсийн өргөн чөлөө, 4 дүгээр байшин.

 

Хоёр. Үйл ажиллагааны үндсэн чиглэл
2.1 Ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээр байгуулага, иргэдэд шуурхай үйлчлэх .

2.2 Эртний болон орчин үеийн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээр номын сангийн сан хөмрөгийг байнга баяжуулах.

2.3 Ном, хэвлэлийн бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалтыг байнга сайжруулах, шаардлагатай ном, хэвлэлийг сэргээн засварлах

2.4 Номын сангийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх

2.5 Номын сангуудыг мэргэжил арга зүйн  удирдлагаар хангах

2.6 Ном, судлал, номын сан-ном зүйн чиглэлээр судалгааны ажил хийх

2.7 Гадаад орны номын сангуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх номын сан хоорондын номын солилцоог өргөжүүлэх

2.8 Номын сангийн дотоод сүлжээг LAN/ Local Area Network/ бий болгож, номын сангийн автоматжуулсан программыг нэвтрүүлэх.

Гурав. Үндэсний номын сангийн эрх, үүрэг
·         1.1 Номын сан дор дурдсан эрх эдэлнэ.

3.1.1 Төрийн өмчийн хорооны зөвшөөрлийг үндсэлэн номын сангийн хэрэгцээнээс илүү ном хэвлэлийг солилцох, худалдах, утга агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном хэвлэлийг холбогдох данснаас хасч, номын эргэлтийг сайжруулах

3.1.2 Төрийн болон төрийн бус байгууллагтай гэрээ байгуулан хамтран ажиллах

3.1.3 Банкинд харилцах данс нээх, гүйлгээ хийх

3.1.4 Олон улсын номын сангийн холбооны гишүүн, НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн хадгалагч номын сангийн хувьд дээрх байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцох

3.2 Үндэсний номын сан нь дор дурдсан үүрэг хүлээнэ.

3.2.1 Монгол  Улсад шинээр хэвлэгдсэн бүх төрлийн ном, хэвлэл, слайд, пянз, аудио, видео бичлэг, кино хальс, диск, микрофиш, микрофильм, дижитал материалыг бүрдүүлж, ном, хэвлэлийн архивын сан хөмрөг байгуулах, гадаад улсад хэвлэгдсэн чухал хэрэгцээт ном хэвлэлийг худалдан авах, номын солилцоо хийх зэргээр номын сангийн сан хөмрөгөө арвижуулах

3.2.2 Монгол Улсад соёл, шинжлэх ухааны үнэт ховор дурсгал болох хуучин ном, зохиол, гар бичмэлийг эрэн сурвалжлах, бүрдүүлэх, хадгалах, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүдийг цугдуудан бүрдүүлэх.

3.2.3 Номын сангуудыг мэргэжил арга-зүйн удирдлаагр хангах , номын санчдын мэргэжлийг дээшлүүлэх, номын сангийн холбогдолтой сурах бичиг, гарын авлага, ном зүйн бүртгэл, аргачлал, заавар, зөвлөмж боловсруулах, хэвлүүлэх, номын санчдын онол- практикийн болон эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөлгөөн, сургалт- семинар, уулзалт зохион байгуулах 

3.2.4 Эртний гар бичмэл, барын номыг хэвлүүлэх, эх бичиг судлал, ном судлал, мэдээлэл- ном зүйн чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгааны ажлыг гүйцэтгэх

3.2.5 Номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулах, лавлагаа мэдээллийн санг  бий болгох

3.2.6 Номын санд байгаа эртний ном, хэвлэлийг сэргээн засварлах, бусад ном, нэвлэлийн бүтээгдэхүүнийг сэлбэн засах

3.2.7 Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй ном хэвлэлийг зохих журмын дагуу уншигчдад ашиглуулах, каталоги, картын сан, электрон мэдээллийн сангийн тусламжтайгаар байгууллага, иргэдэд төрөл бүрийн мэдээллээр үйлчлэх

3.2.8 Гадаад орны номын сангууд болон холбогдох байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр байгуулах, хамтран ажиллах, ажлын туршлагыг судлан нэвтрүүлэх

3.2.9 Үнэт, ховор ном, гар бичмэл болон орчин үеийн ном хэвлэлийг электрон хэлбэрт оруулан хадгалалт, хамгаалалтыг сайжруулах

3.2.10  Олон улсын  байгууллагаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөлд хамрагдах, хамтран ажиллах замаар номын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох.

Дөрөв. Удирдлагын тогтолцоо, бүрэн эрх
4.1 Номын сан нь хэлтэс, албадаас бүрдэнэ.

4.2 Номын сангийн үйл ажиллагааг захирал удирдана. Захирлыг сонгон шалгаруултын дүнг үндэслэн Монгол Улсын Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

4.3 Захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.3.1 Батлагдсан төсөвтөө багтаан орон тоо, албан тушаалын цалин, нэмэгдэл хөлс тогтоох

4.3.2 Ажилтныг ажилд, томилох, чөлөөлөх

4.3.3 Нэгжийн ажиллах журам ажлын байрны тодорхойлолт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлэх

4.3.4 Номын санг төлөөлж байгуулага, иргэнтэй гэрээ, хэлэлцээр байгуулах

4.3.5 Байгууллын төсвийг төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний дагуу хууль тогтоомжид нийүүлэн захиран зарцуулах

4.3.6 номын сангийн үйлчигээний орчинг сайжруулах, ажиллагсдын ажиллах нөхцлийг бүрдүүлэх.

4.3.7 Барилга байгууламж, тоног төхөөрөмж, сан хөмрөгийн аюулгүй байдлыг хангах

4.4 Захирлын дэргэд Захиргааны зөвлөл , Эрдмийн зөвлөл, Номын сангийн мэргэжлийн зөвлөл ажиллана.

4.4.1 Захиргааны зөвлөлийн дарга нь захирал байна. Захиргааны зөвлөл нь дэд захирал, ахлах нягтлан бодогч, нэгжийн дарга нараас бүрдэх бөгөөд номын  сангийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг хэлэлцэж дүгнэт, санал гарган захиралд зөвлөх үүрэгтэй.

4.4.2 Эрдмийн зөвлөл нь шинжлэх ухааны холбогдох салбарын эрдэмтдээс зонхилон бүрдэх бөгөөд номын сангийн дэргэд хийх судалгаа шинжилгээний ажлын төсөл, түүний үр дүнг шүүн хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гаргана.

4.4.3 Захирал нь эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлана. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд номын сангийн дарга, дэд захирал, хэлтсийн даргаас гадна хэл шинжлэл, түүхийн ухаанаар эрдмийн зэрэг, цолтой, эрдэм шинжилгээний туршлагатай хүнийг томилно.

4.4.4 Захиргааны болон эрдмийн зөвлөлийн ажиллах журмыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.

4.4.5 Номын сангийн мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын захирал батална.

4.5 Номын санг хөгжүүлэх, үйлчилгээний орчинг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд номын сангийн удирдлагад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор номын санд удирдах зөвлөл байгуулан ажиллаж болно.

4.5.1 Удирдах зөвлөл нь төрийн захиргааны , эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

4.5.2 Номын сангийн удирдах зөвлөлийн гишүүдийг холбогдох байгууллагатай тохиролцон Соёлын асуудал эрхэлсэн сайдын тушаалаар томилно.

4.5.3 Удирдах зөвлөлийн дарга, ажиллах журмыг гишүүдийн олонхийн саналаар батлана.

Тав. Номын сангийн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны чиг үүрэг
5.1 Номын сангийн удирдах зөвлөл нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

5.1.1 Номын санг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө, хөтөлбөрийг батлах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

5.1.2 Номын сангийн үйл ажиллагааны явц, жилийн төсвийн хуваарилалтын хэрэгжилтэнд нь хяналт тавих

5.1.3 Номын сангийн жилийн үйл ажиллагааны болон бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх

5.1.4 Захирлын үйл ажиллагаанд хяналт тавьж дэмжлэг үзүүлэх

5.1.5 Номын санг дэмжигч дотоод, гадаадын байгууллагатай холбоо тогтоох, дэмжлэгийг зохион байгуулах

Зургаа. Үйлчилгээний хүрээ, ажлын цагийн үргэлжлэл
6.1 Номын сан нь дор дурдсан хүрээний уншигчдад үйлчилнэ.

6.1.1 Шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан

6.1.2 Их, дээд сургууль, коллежийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, дипломын болон эрдэм шинжилгээний ажил хийж байгаа оюутан, магистрант, докторант,

            6.1.3 Төрийн албан хаагч

            6.1.4 Төрийн бус байгууллага, үйлдвэр, аж ахуйн байгууллагын ажиллагчид

            6.1.5 Тус улсад байнга оршин суугаа болон томилолтоор ажиллаж буй гадаадын эрдэмтэн мэргэжилтэн, дипломат болон олон улсын байгууллагын ажилтан

            6.1.6 Бусад иргэн

6.2 Номын сан нь “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хууль”-д заасан нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээс бусад өдрүүдэд 7  хоногийн өдөр бүр ажиллана. Ажлын цагийн үргэлжлэл нь тухайн жилийн 10 дугаар сараас дараа оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд хоёр ээлжээр /09.00- 20.00 цаг хүртэл/, 7 дугаар сараас 9 дүгээр сарыг дуустал хугаацаанд нэг ээлжээр /09.00- 18.00 цаг хүртэл/ ажиллана.

Долоо. Эд хөрөнгө, санхүү
7.1 Номын сангийн эд хөрөнгө нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ. 

7.1.1 Барилга байгууламж, тоног төхөөрөжм болон  бусад эд материал

7.1.2 Ном, , гар бичмэл, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл, ном,сонин, сэтгүүл, хэвлэмэл бус материалууд

7.2 Номын сан нь дор дурьдсан эх үүсвэрээр санхүүжинэ:

            7.2.1 Улсын төсөв

            7.2.2 Өөрийн үйл ажиллагааны орлого

7.2.3 Гадаад, дотоодын байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламж

7.2.4 Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад орлого

7.2.5 Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр